Ү... үллл гэллл ... лл

Эртээ урьдын цагт эмгэн өвгөн хоёр байсан л байлгүй яав гэж маньд ямар падтай биш. Гэхдээ энэ тухай ярихгүй ээ. Манай энэ үед мавын мангар нөхөр амьдран сууж байнаа. Нэр нь хэн, нутаг нь энд, нас нь тоо, шүд нь цоо, хамар гэж чийдэн, хацар гэж цээмэнт, нүд гэж таг, чих гэж паг, хавирга гэж сэрээ, хөл гэж бэрээ, ам гэж бүрээ, дуу гэж хэрээ. Ийм нэгэн нөхөр амьдрах гэж ядарч, агсрах гэж задарч, эргэн тойрондоо гай болсон, эрлэгийн элчийн бай болсон, эмгэн шиг явдалтай, өвгөн шиг дизайнтай гар байваа. Уг нь арай өмнөхөн нь уулын мод шиг биетэй, уургын морь шиг явдалтай, нүд гэж од, хөмсөг гэж хөө, шүд гэж тана, шанаа гэж мана, цээж нь авдар шиг, дуу нь адраа шиг мундаг эр байсиймсанж. Найз нөхөдтэйгөө дарвиад, марзан хошин ярингаа сонсох хооронд нь балгадаг сонин эрплээхстэй болоотохсон гэнэ лээ. Сормуус нь шингэрч яваа цоглогдуу сүүмгэр нүдээрээ согтуудуу нөхдийнхөө өөдөөс сөлийсхийж ирээд хардаг болсон гэнэ лээ. Үүнээс хойш мань эр хөдөрч л байвал хувцас, нөмөр ч байвал хөнжил, нөмөртэй л байвал гэр, “нөмгө”-тэй л байвал нөхөрт тооцож явсаар, уусаар нэг л өдөр толинд хартал үс гэж порлон, үнэр гэж жорлон өөдгүй гэхэд чөтгөр гомдмоор, өнгөгүй гэхэд бурхан гутармаар бүрзгэр царайтай, бүүдгэр нүдтэй мутант болсон байх нь тэрээ. Энэ нөхөрийн амар сайхандаа жаргана ч гэж юу байхав, архинаас гарна гэж горьдоод ч яахав. Өрөвдөхөөр наалдчих гээд, өшиглөхөөр заалдчих гээд ёстой нэг... ийийий яаая даа.

 

Нохойн толгой яагаад өвддөггүймбээ
Шөнөжин гуцаад олигтой ч унтсангүй чухам. Айлуудын нохой ч бас шөнөжин л гуцаад байгаа сонсогддог. Бид хоёр ээлжлээл гуцааөөл... Би гуцхаар толгой өвдөөдийдэг. Гэтэл нохой гуцаж гуцчаад зүв зүгээр наагаадийдаг. Сонин байнуу. Та ч бас гэнэт гуцаад унамааргүй байгаа бол дараах зөвлөгөөг сайн дага. Эхлээд өглөө босонгуутаа хоолойгоо содын уусмал, эсвэл давсны уусмалаар зайл. Тэжээллэг хоолоор өглөөнийхөө гүнцэгийг барь. Амныхаа цэв цэвэрхэн хаалтаа зүүгээд аль болох цөөн хүнтэй замаар ажилдаа марш. Ажил дээрээ амны хаалтаа соль, амны хаалтгүй хүнтэй дохиогоор ярь. Өдрийнхөө хоолны өмнө гараа угаа, лав л зулгараад уначдаггүй болтойм бээлээ. Тэгээд бас л сармис энэ тэр голдуу хоол ид. Ний нуугүй хэлэхэд ганцаараа шахуу, эвсэл ярихгүйгээр идэж сур. Ажил дээрээ очоод амныхаа хаалтыг соль. Гэртээ харихаасаа өмнө гараа угаа. Хармаандаа санитол байнга авч яв. Хүн гар барих гэхээр нь мэхийчих. Гэртээ орохоосоо өмнө хармаанаасаа алчуур мэтийг гаргаад гувцаа нэг шударчих, гутлаа ч бас. Оронгуутаа хувцсаа соль, гараа угаа. Энэ мэтийн журмыг мөрдлөг болго. Тэхгүй бол гуцаал, улиал эхлэнэ вий вий. Тэгээл өглөө нь нохойнд атаархоол “Энэний толгой яасан бөхиймбэ” маягийн юм бодох хэрэг гарна даа хонгор минь.
Уншаарай таминээ

За таминь би анхныхаа ярилцлагыг нийтэлж үзлээ. Анхны ярилцлага хийсэн хүн маань ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ гэж юу болох тухай тун сонирхолтой байдлаар тайлбарлалаа. Хүн амьдралаас маш олон зүйлийг сонгож болох ч ХОЁРХОН ЗҮЙЛИЙГ СОНГОЖ БОЛДОГГҮЙ гэж надад болон та бүхэнд хэллээ. За тэгээд инжоой. URL нь: hilchin.bblog.mn шүү дээ.

 

Банжигчидаа ХАРУУЛ ЗАНГИУДАА дэмжээрэй

 

   

    Товарищ миний бие хилчдийн тухай, улс, эх орныхоо дархан хилд бороо, цасыг үл хайхран зогсож буй эх орончдынхоо тухай та бүхэнд ойлголт өгөх, тэдний үйлс зорилгыг сурталчилах зорилгоор нэгэн шинэ блог нээлээ. Энэ блог дээр маань яг торгон хилд зогсож буй 3 үеийн хилчдийн үзэл бодол, үйл ажиллагаа, мэдээ мэдээлэл гарах болно. Хаяг нь: http://hilchin.bblog.mn

    Хилийн тэнгэр цэлмэг байж, улс орон минь бүрэн бүтэн, мандан бадрах болтугай.

Эс гээснийг ологч

 

Гадуур баахан тэнэж яваад би гар утсаа гээж орхилоо гэж. Гээсэн ч гэж дээ, нэг хулгайч хөөрхий зайлуул үмх талхгүйдээд миний утсыг гуйлгүйгээр авчихсан байна л даа. Тэр утас уул нь тэнгэрт тулсан үнэгүй ч гэлээ хөлсөө урсган байж олж ирсэн хэдэн цаасаараа авсан, хөөрхөн хөдөлмөр шингэчихсэн эд л дээ. Тэгээд дээр нь хавийн таньдаг хүмүүсийнхээ мини сий вийг хөтөлцөн, дуртай хэдэн дуугаа, хэдэн хилийптэй энэ тэр суулгацан байсан байхгүй юу. Тэгээд одоо мэддэг хүн байхгүй ёстой баларчийнаа. Нэг хүүхэн яриад даапаалж байгаам шиг “чи одоо намайг танихгүй байхдаа яадий” энэ тэр гэж аашлаад, би яахав дээ “Нээрээ би танихгүй байна” энэ тэр гэсэн чинь “Балиар завхай амьтан...” гэснээ таслаа хаясан. Бодуул би танидаг л хүүхэн болтой. Бас нэг нөхөр залгахаар нь “байна уу хэн бэ?” гэсэн чинь өөдөөс учиргүй уурлаад “Эргээд залга” гэжийнаа. Тэхээр нь залгаад “Хэн бэ өөрөө” гэсэн чинь “Даргаа танихгүй, илтгэл рапорт мэдэхгүй, бла бла” юу юу гэнэвээ баахан дүвчигнээд, би шар хүрээд хэрэлдээ наасс. Тэгсэн жинхнээсээ манай нэг дарга байсан бол яахуу. Дээр нь бас дүүгийнхээ дугаарыг санадаггүй, нэрэлхээд бас асуудаггүй, даргынхаа дугаарыг санадаггүй, жаахан айгаад асуудаггүй, найзынхаа дугаарыг санадаггүй, над руу залгахгүй болохоор нь мэддэггүй годилорхуу юмуу нэг тиймэрхүү л байжийнаа би. Ядаж бидэнд жи-гийн дугаар өгчихснийг хэлэхүү, нөгөө дугаараа сэргээлгэж амжаагүй явааг хэлэхүү, орчлонгоос тасраад, нөхдөөсөө жийлгээд муухай юмаа чухам. Ээж хэлээд байсан байхгүй юу надаа. Ноокоо гэдэг утсыг хүмүүс ихээр хулгайлдаг гэнээ гээд. Яахав зөрүүд толгой одоо яана гэхэв. Ай хөө муухай харамссан гэдэг чинь... Одоо хөөрхий минь хаа нэгтэй нэг хүний гарт явжаагаа даа.

Өвөл гуай та ирэх болж байна уу

 

Өвөл гуай та сайн байна уу? Таныг ирэх нь гэж би мөн ч их баярлаад сууж байна даа. Та ирж гийгүүлснээр талыг тарвагыг ичээнд нь, тасраад уначихсан атмаануудыг танканд нь, жалганы хогийг хонхорт нь тус тус буцааж /булж/, гэрийн хороололын үнэрийг дарж соёрхох байх гэж найдан хүлээж сууна. Гэхдээ та нодлингийх шигээ утаа майгаар дүүрээд, уушиг зүрх урчих гээд байх байлгүй яав гэж.

            Манай энүүгээр анчид тарвага намнаад болдоггүй ээ. Тэгээд гай түй болж заавал өвчтэй тарвагыг нь олж алаад маньдаа зараад тэрооризэм гээч юм хийгээд болох юм биш. Тэр муусайн тарвага нь ч яасан өвчилж дуусдгүй гай юм байгаан хөөрхий. Гүй бас хажуугаар нь танканд өвөлждөг гарууд галт усаа гудраад гудмаар нэг гулдайцгаачаад, харанхуйд явахаар гишгэгдчих гээд байхымаа. Манайх чинь зам талбай нь гэрэлгүй, захын дүүргүүд нь цагдаагүй болохоор хэцүү юмоо. Гэрийн хорооллоор явахаар нохой шувуу нь зооголчих гээд, атмаанууд нь алчих гээд аймаар гэдэг нь тоймгүй.

 Манай дарга нар яахав таныг угтаж олон л юм ярьж байгаа. Яриад яриад бүтэх юм байх биш ямар. Утаа утаа гээл хэдэн жил ярьж байна. Одоо бөөн л яриа цаагуур чинь. Тэгээл миний мэдээ орсон үеэс л мэдэхээр дулааны шугам нь хагараад уур манангаа савсуулаад, зам нь дош болчоод захаар нь яваа нь нөхөөс болчоод, хөдөө зуд болоод, хөдсөн дээлтэйгээ дэрийгээд, хөмөн гуталтайгаа гулдайгаад, тэвэр өвс гуйгаад, тэнгэр ширтэж суугаад . . . ай яа яа аймаар л юм болно вий вий /түй түй муу ёр/. Гайтай хөөтэй дэлхийн  хямрал өвлийн бэлтгэлийн хамаг мөнгийг залгичаад, дарга нарын амны бөглөөс болоод, манай дарга нар зээл гуйгаад, бид өрөнд баригдаад байж байдаг.  Яана даа. гэхдээ  та  гоё  шүү.  Хүлээгээл байжийя даа

Хүн төрөлхтөн хийгээд дайн дажин

            

Бид оршин амьдрахын тулд эсвэл зүгээр хийрхэлдээ хөтлөгдөхийн эрхэнд дайн хийж амьдардаг дэлхийн иргэд. Дайны хар бараан талыг уул нь бүгдээрээ сайн мэддэг хэдий ч түүнгүйгээр амьдарнаа нэг гонжгор. Заавал л нэг юмтай дайтахгүй бол цаанаа л нэг кайфгүй. Эргэн тойрон дахь зарын самбаруудыг л хараач дээ. “Хагтай дайн зарлая”, “Авилгалыг дайлаар мордъё”, “Хээл хахууль сөнөтүгэй”, “Толбыг юучгүй устгая”, “Хүнд суртлыг устгая” гэхчлэн олооон жишээ байна. Гүй тэгээд дайтаад сөнөөгөөд байгаа юм бас ч тэр болгон харагдахгүймаа. Нэг бацаан ярьжийнаа: “Манай анги өнөөдөр цонхлоод, анги гэж бөөн дайн...”, бас нэг нь “Гэр гэж бөмбөг дэлбэрциймшиг аймаааар” гэж ярихын сацуу цэцэрлэгийнхээ бацааныг “ёстой жинхэнэ тэроорист” гэчдэг бол сайхан даа.

            Хуучин нийгмийн үед дээ. Бидэнд чинь нам засгаас “Зөвлөлт-Монголын ариун цусаар гагнагдсан найрамдал мандтугай”, “Кавтлийзэм үнс нурам болон сөнөөсэй” гэх ухааны хэллэгүүдийг цээжлүүлдэг байлаа. Тэр гавтлийстүүд нь яасан ч сөнөж дуусдгүй барамнууд байсым байгаан хөөрхий, бид ч яасан сөнөөж ханадаггүй байсым байгаан. Бас тэгээд Энх тайван мандтугай гэдэг уриаг дээрхи хэлцүүдтэйгээ ихэд сөргүүлэн уншицгаадаг байв чааваас. Одоогийн дарга нэртэй бухан бяруунуудтай л ижил юмуу даа. Мордчихож чадахгүйээ, тэгээд худлаа шүлсээ савируулаад үнээ үнээ хоргоогоод байдаг... Харин ааприкууд иргэний дайнаа даван туулаад, хөгжлийнхөө зам руу нэгэнт оржээ. 10 гаруй жил байлдсан нэгэн улсын талаар /мэджаагааздээ/ хальт дурсахад тэр улсын газар дор бөөн бөөн баялаг булаастай байжээ. /түүх ингэж эхлэв/ Тэр эрднэсийг тэр үеийн төр засаг нь дангаар эзэмших санаатай байлаа /манайх шиг татвар энэ тэрээ нэмж бариал баахан юм болсон дог/. Бас яаж зүгээр байхав ганц нэгэн ширхэг алмаазыг нь бол өөртөө бөгж мэтээс эхлээд бөөн баялаг болгон ашиглацан удаа ч байж /мундаг эх орончдын л хийдэг ажил ш дээ/. Тэрэнд нь хэсэг “эх орончид” ихэд дургүйцэн бослого цуглаан энэ тэр болж байв. Тэрийг нь хөрш орны мөнгөтэй дарга харжийснаа мөнгө өгөөд зэвсэглээ хаясан гэжугаа /өнгөлзөгч өөрт туславал өргөлцөгч болдгийн жишээ/. Тэгээд л байлдаж гарлаа даа. Хайран сайхан залуусын амь нас, өнчин хүүхдүүдийн нулимс тэр дайны мангасуудад зүгээр л инээд байлаа. Сүүлдээ байлдах хүнгүйдээд хүүхдүүдэд хүчээр буу бариулан нэгнийх нь эсрэг буудуулдаг байлаа. Энэ бол аймшиг байлаа. Хөгжиж байсан орон дайны хөлд нэрвэгдлээ. Тэдэнд юу ч үлдсэнгүй. Үйлдвэрлэгч хүчний нь ихэнх дайнд үрэгдсэн, эсвэл тахир дутуу болсон байлаа, толгой хоргодох байшин нь дэлбэрч, нуранги л үлдсэн байлаа, аль олигтой гэсэн залуусаа хамгийн түрүнд авсалчихсан байлаа. Юунаас болж тэр вэ? Хэдхэн хүний баяжих гэсэн хүслээс, хэдхэн хүний хувийн жаргалаас, хэдхэн хүний мунхаг харанхуйгаас тэр. Тэр мангасууд одоо ялаа эдэлж эхлээд байгаа л даа. Гэлээ ч тэд үхсэн аавыг нь босгож, өнчин хүүхдийн нулимсыг нь арчуулж чадахгүй, бэлэвсэн эхнэрийг элэг бүтэн болгож чадахгүй ээ. Энэ дайнаас ард түмэн хохирч, ард түмэн ялагдаж үлдсэн юм. Олон залуус зүрхэндээ айдастай, шөнө нь хар дарж зүүдэлдэг, цочимхой болж үлдсэн юм. Олон хүүхэд цэргийн хүн хараад айж, зүрх нь түгшиж, уйлдаг болж үлдсэн юм. Гэхдээ дайн дууссан. Тэд дайныг давж гараад хөгжлийг эхлүүлж чадсан. Тэд хөгжинө, чадна. Харин байгалийн баялаг нь бусдын хорхойг хүргээд байсаар л . . . /манайх ч бас/

 

Африкаас ярьж байна. /цасаа санажийшүү/

За эрхэм хүндэт банжигчин та бүхэндээ болон гэр бүл, үр хүүхэд найз нөхөд, хамсаатан садан, хальт мөлт танидаг ч болов бүгдэд нь сар шинийн мэнд хүргэж алд цэнхэр хадагтай золгож байна гэж төсөөлөн мэндчилье. Миний бие Африкийн баруун эргийн Фрийтаун хотноо энэ өвлийг өнгөрөөж байна. Ажил гэж үстэй толгойноос их байгаа учрын дурдан ойрд бичлэг бичээгүйдээ хүлцэл өчиж байгааг минь болгооно бизээ.

Энд ирэхийн тулд би гэдэг хүн явж явж хэрэн бэдэн ирснээ бас өчсү. Энд ирсэн эхний өдрөө л ийш тийш бүлтгэнэн харж, соёл/гүй/-ыг гайхан шагшрахдаа шагширч, шогшрохдоо шогшрон байлаа. Хамгийн анх надад гүн сэтгэгдэл үлдээсэн зүйл нь аймаар том нисдэг жоом бөлгөө. Удаад нь бакь том харх, гудамжинд улаан зам дээр усанд орох хүмүүс, хэл яриа, зан заншил гээл тоочоод байвал далай гэсэн үг тул түр цэгнэе. Дараагийн дугаараас та бүхэндээ аян замын тэмдэглэлээ нэгд нэгэнгүй дурсах учир ингэсгээд төгсгөе. Уулзатлаа баяртай

Найзуудаа аан гээч

 

Зээ хөөрхий амар мэнд байцгааж адуу малтай нь атар тарган, аминдаа унаатай нь зам шулуухан, эхнэр нөхөртэй нь амьдрал ханагар, энхрий хүүхэдтэй нь эрүүл саруул, эмээ өвөөтэй нь эсэн энх, ээж аавтай нь элбэг хангалуун сайхан өвөлжицгөөж байна уу? Экватороос урд хэсгийхэн байвал сайхан зусаж байна уу?

Би гэдэг хүн бэлтгэл хийгээд завгүй, бие багадаж хүсэл ихдээд тавгүй, багын, засврын замын гээд хавийн найзууд санаа өргөөд бас ч давгүй байдалтай байна. Хэдэн өдрийн өмнө нэг мэдээ төвөөс ирсэн чинь манийг нь аапраг гэдэг газар очиж энхийг сахиулах ухааны юм бичсэн байна. Гэхдээ бас болоогүй ээ. Эхлээд сонгон шалгуур гээчээр оруулж нарийн бүдүүн, нас шүд, тэсвэр тэвчээр, тэнэг мангарыг нь хэл устай нь эрүүл мэндтэй нь үзээ хаяхын байхөө. Одоо хувийн бэлтгэлээ хангаад ам шүдний сойз, алчуур саван тэргүүтэн, боловсон улстай уулзахын гээд үнэртэн танартан удаалаад, бэлтгэлийн хувцас нэжгээдийг биеийн хэмжээнд тааруулж, дотуур гувц, доогуур гувц гутгаарлаад аваад цуглуулаад байжийна. Харин хувийн асуудлыг жоохон хойш тавихаас даа. Гайгүй нэг охинтой болзохоо шахаж байсымсан, банжгийн халуун ам бүлээс гос гарганаа гэж бодсымсан. Одоо яая гэхэв алба иймээс хойш ирэх хооронд л битий госолцон байгаасай гэж бодоол явж өгөхөөс. За тэгээд захих юм байвал нэрэлхэлгүй хэлнэ биддээ. Надад бусдаас харамлаад байх нэг их мөнгө байхгүй ч бусдын адил болж л байвал нэг их гудайхгүйээ гэж дууны үг гусав. хэхэ

Банжигтай хамт нэг жил

 

Би гэдэг хүн блог нээгээд бүтэн нэг жилийг үдсэн баймой. Эгэлгүй мунхаг миний бичсэн /бичсэн ч гэж дээ бичихчамаан бологсон/ хэдэн ноорхойг минь гололгүй уншиж, дэм туслалцаа болж байсан та бүхэнд, дамаа ялангуяа үүнийг уншиж буй танд гүнээ талархсанаа илэрхийлье.

Хагас нь сайн ба бүр бүтнээрээ сайн

 

Сая нэг сарын хугацаанд шалгалт, цэрэг халах энэ тэр гэхчлэнгийн ажлаас шалтгаалж ойрд банжигаар орсонгүй удлаа. Энэ хугацаанд гадаа цас орж үзэж ч байх шиг, хүмүүс нэг л яаруу, сандруу болсон мэт санагдах шиг. Сайд дарга нар нөгөө л улиг болсон түлш, нүүрснийхээ тухай асуудлыг яриал, бас дээр нь зудын тухай яриа өрнөөл, малчдаа харж үзий энэ тэр гэсэн юм яриал байна яг нодлин өдий үе шиг. Нодлингийн өвөлжилтийн асуудлыг яагаав нөгөө цасанд булаад мартчихаагүй юу. Одоо нөгөө асуудал нь ахиад л гараад ирлээ. Байгал дэлхий ямар асуух биш манай дарга нар шиг. Энэ малчид гэж ёстой нэг түвэгтэй асуудал байх шиг байнаа. Намаржингаа л найраллаа, зунжингаа л зугааллаа, архидлаа хүүхэндлээ. Нөгөө өвс тоос хураах энэ тэрийг өнгөрсөн жил ганц байсан өвөл нь дууссан аятай таг мартсан хөөрхий. Тэр хооронд тариаланчид маш их ажиллаж маниусынхаа идэх талхыг хураалаа, ерөнхий нар нь хүртэл оролцлоов шив. Сайхан байлаа тариан талбайд найгах тариаг хараад. Нэг л дээр үеийн, сэтгэлийн чанадад байсан дурсамжтайгаа уулзах шиг л ... Тэгээд хэд алхаал малчны хотонд очингууд нөгөө гоё сэтгэл байхгүй болж байна. Одоо удахгүй тэд албатай юм шиг маниасаа өвс нэхнээ. Тэрийгээ сайн мэдэж байгаа, дарга нар ч өгнө дөө гэж бодож байгаа биз чааваас. Бид ажлын өдрүүдийг сайн муугаар нь ялгаж сурсан ш дээ. Яагаав нэгдэх муу, хоёр дахь муу ... хагас нь сайн энэ тэр гэж. Малчидад бол бүтнээрээ сайн ш дээ. Тэгээд биднээс өвөл нь зулгаасан нөөцийн өвсөөр тэжээсэн, зундаа хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж хээр хариулгагүй шахуу байлгаж хөдөлмөр зараагүй малынхаа махыг машид өндрөөр үнэлэхийг нь яанаа. Одоо гаднаа хоёроос гурван машингүй, сансрын антеннгүй малчин байхгүй дээ. Тэгээд байхад л малчдад мөнгө өгч, татвараас чөлөөлж ... би ойлгохгүй юм. Би эсвэл тийм амиа бодсон хүн юм болов уу? Зиа за тэртэй тэргүй л утаандаа угаартаж, халаалт тасалдаж, даарч, махны үнэнд нам цохиулж, малын нэмнээ, малчны бээлий бэлдэж сураагүй биш. Гарч хөвөнтэй бээлий хэдийг худалдаж аваад малчин гуайдаа өгөхдөө бэлдэхээс биш.

Бөөсөнд хутга, бөлдгөнд жад

 

Намайг бага байхад манай эмээ ингэж хэлж билээ. Энэ яахав хэрэгсэл нь агуулгадаа томдсон байнаа л гэсэн санаа юм байна л даа. Тэрнээс бөөс алах гээл хутга бариад хөөсөн ч юм уу, эсвээс хонь хургаа засах гээд жад бариад бол хөөсөн гэсэн санаа бишээ. Үүнийг өөрөөр бас нохойноосоо гинж нь  гэж бол хэлдэг гэж байгаа. Яахав жижкээн гөлгөнд мангар том гинж зүүчихсэн мэтээр төсөөлүүлэх гэж тэр. Энэчлэн иймэрхүү утга агуулсан үг хэллэг бол зөндөө дайралддаг. Намайг багш байхад яамны шалгалт ирнэ гээд гүй мөн сүртэй юм болдогсон хөөрхий. Хүн бүр л өнөө муу хонспээгт, төлөвлөгөө, гарын авлага энэ тэр гээл шуугилдаал явчина даа. Бэлдээл байна бэлдээл байна. Тэгж тэгж шалгалт гуай сүр бараатайгаар айлчлан гэхүү морилон ирэхүй дор мань мэт нь угаас муухай царайгаа урагдчихмаар хөндлөн татсан инээмсэглэлээр чимэхчамаан болохын зэрэгцээ нугас нуруугүй юм шиг бөхөлзөн тахилзан байх ёстой болдогсон. За тэгээд нөхдүүдэд хоол ундны дээдийг өгч гэдсийг нь бол хонхолзуулахгүй байх ёстойгоос гадна гэдсэн доторхи элдэв нян буртгаас нь цэвэрлэх зорилгоор ганц нэг шил шингэн эрдэнэ бол өгөх нь зүй ёсны хэрэг билээ. Ингээд идэж ууж авсны дараа биднийг нэг нэгээр нь дуудан оруулж ирээд их л сүртэй царай гарган “юмаа үзүүл!” гэж бол тушаана. Энэ нь мэдээж миний өнөөх муугий минь биш урьдаас бэлдцэн хэдэн цаасан бууг минь үзэхээ хэлж буй хэрэг гэдгийг бол угаасаа шууд ойлгоно. За тэгээд заавал л нэг асуудал, алдаа мадаг байх нь зүй ёсны хэрэг гэж үзэх тул онгичиж, асууж, сүрдүүлж гарна даа. Ингэж байцааж байцааж “за за яв яв” гэж захирангуй хэлэх нь угаас тодорхой л доо. Харин эмэгтэй болоод аятайхан төрцөн болж гэм “суу наашаа” гэж сунжруулан хэлээд “алив чихэр амс, үзүүлэх юмс чинь бэлэн үү?” энэ тэр гэсэн наалинхай аялагатай бол ярьж эхлэхийн сацуу нүдээ жирэв журав гялгануулж бол байгаа харагддаг. Зарим нь бүр хөл гарыг нь бол бариллаа гэсээр ууртай гарч ирдэг. Би угийн мулгуу талын хүн юм болохоор хөлийг нь чухам хаанаас нь барьсныг бол ичээд асууж байгаагүй болохоор таньд хэлж чадашгүй нь. Үүний дараа мөн л идэж уух ажилдаа шуурхайлан орно. Тэгэхдээ бүр шал согтотлоо хүртэх ба өдрийн зүсэлсэн эмэгтэйг урьж /уул нь бол угзчиж/ босгоод гуяны бол бүдүүрсэн хэсгээр нь буюу хөл ууц хоёрын уулзалдах нэлээн том булчинтай хэсгээр нь бол тэврэх маягтайгаар найгана /уучлаарай энийг бүжиг гэж бол хэлэхгүй болуу гэж би бодсын/. Нэг иймэрхүү маягтай шалгадаг байсан. Уул нь тэд бидэнд аргазүйн зөвлөгөө өгч, зөв явж байгааг нь бусдад нь дэлгэрүүлж, алдаа байж гэм засч залруулах талаар ажил зохиох ёстой л доо. Гэхдээ тэгдэггүй юмаа хонгор минь.

Хөгжих үү, эс хөгжих үү?

 

Хөгжлийн тухай асуудал яг одоогоор хөнжлийн тухай асуудлаас ч илүү сонирхол татаад байна. Бид сонгууль гээч зүйлийг нэг их сайн ойлгохгүй явсаар өнөөг хүрснээ уул нь мэдээд байгаа хэдий ч яаж цэвэр хийхээ мэдэж байгаа нь тас нуугаад эс мэдэгчийн дүрийг эсгээд яваад байгаа билээ. Хууль гэдэг зүйл бол зөвхөн цаасан дээр л байдаг зүйл юм гэдгийг хууль батлагч, мөрдүүлэгч нар маань олон түмэнд нээлттэйгээр харуулан баталж өгсөн гэж байдаг. Одоо сонгогдцон байгаа эрхэм гишүүд бузар булхай сонгуулиас цэвэр ариун гарч чадсан аргагүй нярваанууд юм байна гэж тэдний хэлснээс бол ойлгоод байгаа. Тэгсэн одоо бас нэг нярваан тодруулах сунгаа эхэлчлээ. Хаашаа л харсан иргэн намайг төлөөлөн төлөөллийн цэвэр ардчилал хийх гээд байгаа хэсэг хүмүүсийн инээсэн, мишээсэн царайтай цааснууд дүүрч гэм. Тэгээд бас болоогүй ээ. Мань мэтийгээ хөөрхөн хошгируулах маягийн юмс бичсэн пайз дагалдаад байгаамдаа. Одоо цагт тарвага хүртэл даллуураар даллахад хошгирохоо байчихсан байна шүү дээ. Тэгээд л нөгөө улиг болсон “та ядуу байна, би баяжуулна”, “та эрхээ эдэлж чадахгүй байна, би эдлүүлж өгье”, “та ажилгүй байна, би ажилд оруулж өгье” зэрэг хэлцүүдээ хэрэглээд л байгаа нь цаанаасаа биднийг дорой буурай харагдуулах гээд байгаа хар санаатны явуулга гэлтэй санагдаад хар хүргээд байгаам. Эсвэл нам гээч лонхноос гарах бирднүүд байх. Уул нь ийм олон бирдтэй газар хөгжил баймаар л санагдхын. Бүх нам нөгөө намаасаа илүү буюу бүгд номер нэг намууд гэж би ойлгоод бол байгаа юм. Гэхдээ ухан бодвоос тэр ХУ-гийн үед хэн гадаад машинтай, давхар хаустай байсым бэ. Дарга нар л тийм байсан байх, гэхдээ тэрий нь ард түмний хармаанаас гаргаж авдаг байсым шүү. Ардчилсан хүчин хэдэн удаа төрийн жолоо барьсан. Тэр үедээ сайхан хэрэлдэж уралцахыг л заасан. Ер нь энэ хоёр  намд улс төрийн үзэл баримтлал, чиг шугам гэж байхгүй нь хэдий нь тодорхой болсон шиг санагддаг. За за тэгж байтал ерөнхийлөгчийн сонгууль хэмээх драмын жүжиг тавигдна гэсэн саарал ордны тайзан дээр. Одооноос найруулга нь хийгдэж байгаа байлгүй. Тэр жүжгийн тасалбар нь харин маний хармаанаас хичнээн бор юм гоожуулахын байгаам, харж л байхаас.

Хуучин емөө
Одоо...
Одоогийн хүмүүсийн бухимдлыг төрүүлж байгаа нэг асуудал бол гадаадын иргэн, харьяатын асуудал, тэр тусмаа Хятад /хужаа ч гэдэг/ иргэдийн асуудал болоод байна. Учир нь гадаадынхан бидний талхыг булааж, бидний баялагаар гараа угааж, бидний толгой дээр сууж байгаа болохоор тэр. Тэдний бусармаг хууль бус үйл явдлын талаар сонин хэвлэлүүд хамаг байдаг муу үгээ бартлаа бичиж, зурагтаар тэдний байгалыг хэрхэн сүйтгэж байгааг нь гаргаж, ер нь хаана л бол хаана тэднийг жигшсэн мэдээллээр хахаж байна. Хүн бүрийн амнаас “Муусайн хужаа нар” гэх үг хайр найргүй урсаж байна. Одоо бүр тэднийг алцгаая гэж хүртэл яриад эхэллээ. Зөв. Ярих хэрэгтэй, хийх хэрэгтэй.
Харин...
Харин тэднийг ялангуяа хужаа нарыг “алчихаад” цаашаа яах вэ? Биднийг бүүр дээрээс маш мэргэн шидсэн чулуу оночихоод байгаа юм биш биз? Албаар турхирч байгаад муу юм хийлгэж шалтаг гаргаж авах гээд байгаа юм биш биз дээ. Иймэрхүү зүйл дэлхийн түүхэнд бий шүү дээ. Манай түүхэнд ч бэлээхнээ байна.
200 гаруй жилийн өмнө...
Яагаав нөгөө зүүнтний нугалаа, монголчуудын хагарал, Галдан бошигтын дайралт гээд тоочоод байвал далай гэсэн үг. Манжууд бидний мөн л ийм замаар гартаа оруулаагүй юу. Албаар өдөөн хатгаад дараа нь Ар Монголын ноёдууд, Баруун Монголын ноёдуудад “Муусайн манж нарыг уу” гэсэн байдал бий болгож өгөөд, хөөрхий гэнэн бид тэр өгөөшийг нь үмхэж аваад л хоёр гурван хэсэгт хуваагдаад хэрэлдэж өгөө биз дээ. Тэгсэн чинь Галдан гуай “Энэ муусайн халхууд ер нь манж нарыг дагаж намираад байнаа даа” гэж зэвүүрхэн бодоод мань руугаа дайрч хүчээ баахан тарамдаж хаяад л таг харанхуй 200 жилийг эхлүүлж билээ. Тэр үед бас л төрийн томчууд манж нарын хахуулийг мөн их авч, цүндийтлээ таргалаад язрахаа шахчихсан байсан шүү дээ. Бүүр авч хэвшчихээд албат, түшмэд нараа хүртэл хахуулийн байдлаар ажил хийдэг болгож авсан. Тэгээд л сайхан гэгчийн хахуулийн торон тогтолцоо үүсээд барьцаалагдаж орхисон. Тэгээд яах вэ дээ. Нэгэнт өгөөшийг нь үмхчихсэн, булхайгаа дэлгэчихсэн улс нөгөө товарищуудын хэлснийг дагаад л бөхөлзөж эхэлсэн байдаг. Үгүй гэж хэлэх гэхээр өнөө өр шир, хахууль нь дотроос нь доош нь чангаагаад, хүн чанар, үндэс угсаа нь дээшээ чангаагаад ёстой аргаа барцгааж байсан байна. Тэгээд бөөн өрт, авилгат ноёдууд хуран чуулаад дагаар орцгооё гэж шивнэлдэж аваад л тарсан шүү дээ.
Тэгвэл одоо...
Байдал яг адил. Тэр үеийн байдал давтагдах гээд байгаа юм шиг муу совин татаад явчихлаа. Бид хэтэрхий оройтохоосоо өмнө хужаа ажилчидыг алах биш дотоодын хувалзаа цэвэрлэчихээд ам бардам ҮГҮЙ гэж хэлээд сууж баймаар санагдах юм. Нэг үгээр хэлэхэд амаа угаачаад хүнтэй хэрэлдмээр байна. Хэдэн хүн аллаа гээд бөөн асуудал үүснэ. Угаасаа алаад өгөөсэй гээд цаадуул чинь алгаа үрчин суугаа. Тэдний төлөвлөсний дагуу хэдэн хүмүүс хэргээр байдлыг дэвэргэж суугаа.
Маргааш...
Бид яах вэ цаашдаа? Хэнтэй, яаж, ямар аргаар, ямар эрхзүйн үүднээс тэмцэх вэ? Жинхэнэ дайсан нь хэн бэ? Миний бодлоор...
Жанжин тугийн намираан дор 75 жил
Монгол улсад хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний түүхт 75 жилийн ой болж өнгөрлөө. Хил хамгаалах байгууллага үүсч бий болох түүхэн шаардлага өмнөд хил, хязгаарын зөрчилтэй байдал, үүсэн бий болсон цагийн байдлын өрнөлт зэрэгтэй холбоотойгоор гарч ирсэн байна. Тухайн үед хилийн шалган нэвтрүүлэх албадууд анх үүссэн ба энэ нь хоёр хөрштэйгөө улс төр, эдийн засгийн хувьд харилцаа шинэ шатанд гарсантай холбоотой аж. Мөн улмаар өмнөд хил дээр элдэв зөрчил будлиан ихсэх болсон нь тухайн үеийн хил хамгаалах салбар нэгжүүдийн хүч хэрэгслийг нэмэгдүүлэх, улмаар бие даасан байгууллага бий болгох шаардлагыг тавьсан байна. Эх орныхоо торгон хилд харийн дайсны сүүдрийг ч тусгахгүй хамгаалах ариун үүргийг тэр үеэс хойш өдгөөг хүртэл 75 жилийг жанжин тугийнхаа намираан дор үджээ. Энэ хугацаанд өмнөд болон баруун хязгаарын олон тулгаралт, хойд болон зүүн хил дээрхи олон зөрчлүүдийг нэр төртэйгөөр саатуулж Монгол улсын халдашгүй дархан байдлыг сахиулах, эх орноо батлан хамгаалах үүргээ ягштал биелүүлж ирсэн билээ. Нар салхи, цас, бороонд ажралгүй торгон хилээ соргогоор хамгаалсаар ирсэн, хамгаалж байгаа, ирээдүйд хамгаалах хилчдийн яруу алдар бадрах болтугай. Монгол улсын дархан хил амгалан байг. “Улсын хилийн хариуцсан хэсэгт гарсан зүйлгүй тайван” хэмээн илтгэх хилчний тод илтгэлээр Монгол улсад минь энх амгалан нэгэн өглөө эхэлдэг билээ.
Шагнуулваа

 

Манай ойн баяр сайхан болж өндөрлөлөө. Гадаад дотоодын зочид төлөөлөгчид, ахмад дайчид айлчилж, үндэсний бөхийн болон хурдан морины уралдаан болж, үзүүлэх сургууль, тэмцээн уралдаан, концерт, баярын хурал энэ тэр гээл хоёр өдөр нэг хагас өдөртэй явагдлаа. Би цолоор шагнуулж Монгол улсын төлөө зүтгэхээ хэллээ. Зөндөө хүн шагнуулж ёстой нэг шагналын хур бууна гэлээ гэдэг шиг л юм боллоо. Өнөөдөр үдээс хойш баярын хүлээн авалт болох гэж байгаа тул хувцас хунараа бэлтгэе дээ гэж бодож байна. Аа нээрээ мартсанаас баярын энэ өдрүүдэд хүмүүсийг баярлуулах гэж явсаар байгаад өөрөө ч олигтой амарч, баярлаж чадсангүй. Маргаашнаас л баярлаж балга тагш юм хүртэж цолоо угаана гэж бодож байна даа.

Би ирчлээ

За найз нь баахан ажилтай явж явж сая нэг юм ирлээ дээ хөөрхий. Манай ангийн 75 жилийн ой болох гээд бөөн л ажил байна. Хөдөө хотгүй томилолтоор яваад л байв. Хотод байх хугацаандаа Банжигчдийн цугларалтад очих гээд чадаагүй, Тунгаамнхтэй хуушуур идэх гээд бас л чадаагүй, ангийнхантайгаа уулзах гэсэн чинь бас байдаггүй, нэг үгээр хувийн асуудал ёстой бүтэлгүй байсан боловч хувьсгалын ажлыг 110% биелүүлчихээд ирлээ. Ёооё хурдхан ой болоод дуусаасай билээ. Нэг сайхан амархынсоон. Миний эзгүйд ч гэсэн хамт байсан эрхэмсэг нөхөддөө баярлалаа. Ингээд бие биенээ хэсээд явбал хичнээн сайхан билээ.

Цэргийн цолны тухай

 

Цэргийн цол нь юун түрүүн тухайн цэргийн албан хаагчийн албан тушаал, гүйцэтгэх үүрэгтэй холбоотой байх ба ажилласан жил, ажлын амжилт, цэргийн хэргийн талаархи боловсрол зэрэгтэй холбоотой байна.

          Цэргийн цолыг хугацаат цэргийн албан хаагчийн, ахлагчийн, офицерийн, генералын гэж ангилж ойлговол илүү дөхөм боловуу. Хугацаат цэргийн албан хаагчдад байлдагч, ахлах байлдагч, дэд түрүүч, түрүүч, ахлах түрүүч цолыг олгоно. Ахлагч нарт дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч, сургагч ахлагч цол олгоно. Офицерын цолыг дунд офицер, ахлах офицер гэсэн ангилалтайгаар олгох ба дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, хошууч, дэд хурандаа, хурандаа цолуудыг олгоно. Генералын хувьд бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал гэсэн цолуудыг олгох ба үүнээс цааш маршал цол байдаг.

Медалийн хордлого

Олимпийн медаль болвоос өөрөөсөө зүүх оосор бүхий алтан түрхэцтэй, мөнгөн түрхэцтэй, хүрэл цутгамал гэсэн төрлүүдтэй, гялалзаж гялтганасан, олон хүний хүч чадал, хөлсийг урсган баймааж ирдэг, олон хүний нулимс, шүлс /амандаа хийгээд үнсээд бол байгаа харагддаг/ аягүй бол нус ч шингэсэн эд билээ. Энд зөвхөн медалийн тухай ярих учир медаль авагчтай холбож бол ойлгохгүй байхыг хүсэе. Медаль мөн тухайн орныг байраар эзлүүлэх гол үнэлгээ болдгоор барахгүй тухайн улсын чансааг бол тодорхойлогч гэж үздийм байна. Мөн медаль гуай аз болж шар өнгөтэйгөөр ирвэл /морилвол/ улс орон даяар баяр болж нөгөө медаль гуайг барьж үзээгүй ч гэсэн эчнээгээр бол угааж дээгүүр доогуургүй сансарт нисдэг байна. Баахан арагчаа нар нислээ уржигдар, өчигдөг хоёр. Нөхөр Сталин, Хрущев нар хоорондоо бол тэврэлдэж байгаад ниссэн сурагтай байна. Дүрстэй мэдээ ч гарсан болтой юм. Гагаринчууд бас л ниссэн гэдэг нь тодорхой. Би ч юугаараа дутахуу ниссэн. Харин өглөө бие эрхтэн нэлээн хөшчихсөн, чилээрхсэн маягтайгаар бол босч ирсэн. Учир мэдэх хүнээс “Өцдөр юу болсон хийгээд яаж гэртээ морилсон, ер нь шөнө болсон эсэх, одоо яагаад бие бадайраад байгаа эсэх” талаар асуулаа. Тэр эрхэм надад “Та медалийн хордлого туссан байна” гэж хэлсэн. Үнэн байх

Нэг юм толгойноос гарч өгдөггүй ээ.

Өчигдөр Монголчууд үнэхээрийн аз жаргалтай, цогтой, золбоотой байлаа. Хэлэх үг алга. Монгол Улсын алтан соёмбот далбаа олимпийн тэнгэрт мандлаа. Баярын нулимстай Монгол хүү шагналын тавцнаа зогслоо. Энэ яруу сайхан мөчид манайхан /мэдээж офицерууд/ бүгд босч номхон зогсоод төрийн дууллаа дуулсан. Бид ярьж байгаад бөөнөөрөө үзсэн юм л даа. Ёстой уйлалдаж өглөө. Та нар боддоо. Хүдэр биерхүү эрчүүд, цэрэг хувцастайгаа, нүдэндээ нулимастай ёсолж зогсоод Төрийнхөө дууллыг дууллаа шүү дээ. Дуулж дуусаад “Монгол Улсын төлөө зүтгэе!” гэж нэгэн дуугаар хэлэх ямар сайхан байсан бэ?

Харин өнөөдөр банжигтаа орж ирээд баясал хөөрлөө хуваалцая хэмээн хэд хэдэн нөхдийхөөр зочлох гэсэн ягтиймээ байдгүй. Бид арай л дэндүүлчихвүү дээ гэж өглөөнөөс хойш бодлоо. Ээ дээ мөн ч шартай хүнээ тэр.

(Нийт: 66)